Мөнхийн ДАО бол үгээр илэрхийлшгүй.
Нэрлэж болох бүхэн мөнхөд оршихгүй.
Нэргүй нь л үүрд мөнх байдаг.
Нэршил бол аливаа тодорхой зүйлийн үндэс юм.
Хүсэл зоригоос өөрийг чөлөөлж, гайхамшигт хүрнэ.
Хүсэл зоригтоо автвал, нотолгоонд л хүрнэ.
Гайхамшиг болон нотолгоо ижил уг үндэстэй.
Тэр уг үндэс нь харанхуй юм.
Харанхуйн цаадах харанхуй, бүх ухаарлын үүд юм.
Хэрвээ хүмүүс аливаа нэг зүйлийг сайхан гэж харвал бусад зүйлс муухай болдог.
Хэрвээ хүмүүс аливаа нэг зүйлийг сайн гэж бодвол бусад зүйлс муу болдог.
Оршихуй, эс оршихуй биесээ бий болгодог.
Амар хялбар, хүнд хэцүү биесээ дэмждэг.
Урт, богино биесээ тодорхойлдог.
Өндөр, нам биесээ хэмждэг.
Урд, хойно биесээ дагадаг.
Тиймээс багш хөдөлгөөнгүй үйл хөдлөл хийж, ярихгүй ёс айлддаг.
Болох юм болдгоороо болно, багш үүнийг хүлээж авдаг.
Явах зүйлс одохоороо одно, багш үүнийг тавьж явуулна.
Багшид бүх зүйл байгаа ч, юуг ч эрхшээдэггүй.
Багш үйлдлийнхээ хариуд юу ч хүлээдэггүй.
Түүний ажил дуусахад тэр мартаж орхидог
Тиймээс энэ ажил үүрд мөнх оршдог.
Хэрвээ хүмүүс сайн хүнийг хэт өндрөөр үнэлбэл, өөрийн хүч чадлыг умартдаг.
Хэрвээ хүмүүс хөрөнгөө хэт өндрөөр үнэлбэл, эд хөрөнгөө хулгайд алддаг.
Багш хүмүүсийн оюун бодлыг хоослон, мөн чанарыг дүүргэж, хүсэл зорилгыг мохоож, шийдэмгий байдлыг дэмжих замаар хөтөлдөг.
Тэр хүмүүсийн мэдэх бүхнийг орхиулж, хүсэл бүхнийг няцааж, мэддэг бүхэнд эргэлзээ бий болгодог.
Төвөггүй гүйцэтгэж сурснаар, бүх зүйл жамаараа бүтдэг.
ДАО бол худгийн ус шиг, та ундаалж болох ч хэзээ ч шавхаж барахгүй.
ДАО яг түнэр харанхуй шиг: юу ч байж болохоор
ДАО үл үзэгдэх ч үргэлж оршин байдаг.
Би ч гэсэн үүнийг хэн төрүүлснийг мэдэхгүй, бурхнаас ч өмнө байсан байх.
ДАО аль нэг талыг барьдаггүй, үүнээс сайн муу бүхэн урган гардаг.
Багш аль нэг талыг барьдаггүй, тэр гэгээнтэн, гэмтэн гэж ялгадаггүй.
ДАО яг архираан шиг: биегүй хоосон ч асар хүчтэй.
ДАО-г хэрэгжүүлэх тусам илүү ойртож, ярих тусам илүү холдог, тэнцвэрээ бүү алд
ДАО бол бүхний эх юм: хоосон ч эцэж цуцашгүй
Түүнээс хязгааргүй ертөнц бий болсон
Тэр амьдралтай үргэлж хамт байдаг
Та жам ёсыг нь хүссэнээрээ хэрэгжүүлэх боломжтой
ДАО бол хязгааргүй, мөнхийн.
Яагаад мөнх гэж үү? Эхлэлгүй учраас ч төгсгөл ч гэж байхгүй.
Яагаад хязгааргүй гэж үү? Түүнд өөрийн гэсэн ямар ч хүсэл эрмэлзэл байхгүй, тиймээс бүх оршихуйтай хамт байдаг.
Багш үргэлж ард хоцордог, тиймдээ ч тэр үргэлж бусдаас манлайлдаг.
Тэр бүх зүйлээс ангид байдаг учраас бүх зүйлтэй хамт байдаг.
Яагаад гэвэл тэр өөрийгөө хайхардаггүй учраас, үргэлж сэтгэл хангалуун байдаг.
Төгс сайн гэдэг бол яг ус шиг, ус бүхнийг ямар ч хүчин чармайлтгүй тэтгэдэг.
Хүн хонхор газар тогтсон усыг шалбааг хэмээх дургүйцдэг ч ус л байдаг.
Тиймээс ус яг л ДАО шиг.
Орон байраа, газар дэлхийд ойр байлга.
Бодож сэтгэхдээ, энгийн бай.
Хэрүүл тэмцэлд, шударга бас өгөөмөр бай.
Удирдан залахдаа, хяналт тогтоох гэж бүү яар.
Ажил хөдөлмөртөө, дуртай зүйлсээ хийж бүтээ.
Гэр бүлдээ, үргэлж дэргэд нь бай.
Хэрвээ Та байгаадаа үргэлж сэтгэл хангалуун, өөрийгөө бусадтай харьцуулахгүй эсвэл өрсөлдөхгүй байж чадвал, та өөрийн эрхгүй бусдын хүндлэлийг хүлээнэ.
Нумаа тултал эвшээлгэхэд харвах нь гарцаагүй.
Хамгийн хурц хутга ч ирнэ нь мохно.
Эд баялаг, мөнгө хөрөнгөний араас үхэн зүтгээд таны зүрх сэтгэл хэзээ ч дүүрэхгүй.
Бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж зүтгээд тэдний боол болохоос гарцаагүй.
Хийх ёстойгоо гүйцэтгээд, биеэ татаж сур, амар амгаланд хүрэх цор ганц зам юм.
Та өөрийн оюун бодлоо цэгцэлж, эх үндсийн талаар бодож чадах уу?
Та өөрийн биеэ дөнгөж төрсөн хүүхэд шиг сул тавьж чадах уу?
Та өөрийн төсөөллийг зөвхөн гэрэл гээгээ харагдалт хиргүй тунгалаг байлгаж чадах уу?
Та бусдыг өөрийн хүсэл зоригоо тулгахгүй, хайрлаж удирдан чиглүүлж чадах уу?
Та хамгийн хүнд давааг ч алгуурхан яваад давж чадах уу?
Та өөрийн үзэл баримтлалаасаа ухарч, бүх зүйлийн учир шалтгааныг ойлгож чадах уу?
Төрүүлж өсгөх, эзэмшихгүйгээр эрхшээх, хүлээлтгүйгээр гүйцэтгэх, хянахгүйгээр удирдах: эдгээр нь төгс ёс суртахуун юм.
Тэрэгний тэнхлэгийг 2 хүрдэнд холбодог ч, тэнхлэг газраас хөндийрч өнхрөх боломж олгодог.
Бид цул шавраар вар бүтээдэг ч, түүний хөндий зай нь сав суулга болгодог.
Бид модоор байшин барьдаг ч, байшингийн дотор л бид амьдардаг.
Бид оршин байгаа бүхэнтэй харьцдаг ч, бид эс орших жам ёсыг дагадаг.
Өнгө нүд гялбуулна
Дуу чих дөжрүүлнэ.
Амт хэл бадайруулна.
Бодол ухаан самууруулна.
Хүсэл тачаал зүрх сэтгэлийг мунхруулна.
Багш дэлхий ертөнцийг харж байдаг ч өөрийн төсөөлөлдөө итгэдэг
Тэр байгаа зүйлийг байгаараа хүлээж авдаг учраас түүний зүрх сэтгэл тэнгэр лугаа уудам байдаг.
Амжилт бол бүтэлгүйтлээс ялгаагүй аюултай
Итгэл найдвар бол айдсаас ялгаагүй хоосон зүйл.
Амжилт бол бүтэлгүйтлээс ялгаагүй аюултай гэдэг юу гэвэл?
Та шатаар дээшээ өгсөнө үү? Доошоо бууна уу? Яалгаагүй шат гуйвж унах магадлалтай. Зөвхөн та газар дээр бат зогссоноороо өөрийн тэнцвэрээ бүрэн хадгална.
Итгэл найдвар бол айдсаас ялгаагүй хоосон зүйл гэдэг юу гэвэл?
Итгэл найдвар, айдас хүйдэс ч аль аль нь зөвхөн өөрийнхөө тухай бодоход оргүй хоосноос үүдэлтэй
Та өөрийгөө өөрөө гэж бодохгүй бол айх зүйл юу байна? дэлхий ертөнцийг өөрийгөө гэж бодоод үзээрэй, дэлхий ертөнцийн жам ёсонд итгэж сурвал, та бүх зүйлд санаа тавьж сурна.
Харагдахгүй зүйлсийг харж сурах
Сонсогдохгүй зүйлсийг сонсож сурах
Хүршгүй зүйлсийг барьж сурах
Дээгүүр бүхэн гэгээлэг биш,
Доогуур бүхэн харанхуй бүдүүлэг биш
Үзэгдэхгүй, тодорхойлшгүй зүйлс эс оршихуйн ертөнцөд харьяалагдана.
Түмэн хэлбэрийг агуулах хэлбэр,
Төсөөлшгүй үзэгдэл, бүх үзэл баримтлалыг давсан байдаг
Түүнд ойртоод үз эхлэх цэг гэж үгүй,
Түүнийг дагаад яв төгсөх цэг гэж бас үгүй
Та түүнийг мэднэ гэж байхгүй, та харин хялбархан өөрийн амьдралаараа нэг хэсэг нь болж чадна
Ердөө л өөрийгөө хаанаас бий болсныг л ойлгох: энэ л хязгааргүй эрдмийн ундарга юм
Эртний багш нар аугаа бас гайхамшигтай байсан
Тэдний эрдэм хэмжээлшгүй байсан
Үүнийг тодорхойлоход ч бэрх юм
Бидний тодорхойлж чадах зүйл бол ердөө л гадна төрх юм.
Тэд, хэн нэгэн дөнгөж хөлдсөн голоор гатлах мэт болгоомжтой
Хэн нэгэн хүн дайсныхаа бүс нутагт яваа мэт сонор
Айлд байгаа зочин шиг эелдэг
Хайлж байгаа мөс шиг өө сэвгүй
Мод зорох мэт хялбар
Уудам тал мэт хүлээцтэй
Шилэн аягатай ус шиг тунгалаг
Танд булингартсан ус мэт оюун бодлоо тунгаах тэвчээр байна уу?
Та зөв зүйл жамаараа биелтэл оролцохгүй хүлээж чадах уу?
Багш төгс төгөлдрийн араас хөөцөлддөггүй.
Хөөцөлдөх ч үгүй, оролдох ч үгүй
Аливаа бүхнийг урин дуудаад, тэр байдгаараа л байна.
Оюун бодлоо хоосол
Сэтгэлээ амар амгаланд хөтөл
Оршихуйн эмх замбараагүйг ажиглаад, эцсийн үр дүнг нь ч бясалга
Энэ хорвоогийн амьд бүхэн эцэстээ нэг л үндэс рүү буцдаг.
Энэ үндэс рүү буцна гэдэг нь гэгээрэл юм.
Хэрвээ та уг үндсийг анзаарахгүй бол та уйтгар гуниг төөрөгдөлд автана.
Та хаанаас үндэстэйгээ мэдрэх цагт та тэвчээртэй, аль бүхэнд дур сонирхолгүй, гайхан биширсэн, настан буурал шиг сайхан сэтгэлтэй, хаан шиг сүр жавхлантай болоод ирнэ.
ДАО гайхамшигт умбаад ирэхээр, амьдралд танд юу ч бэлдсэн бай Та түүнийг даваад гарах ба цаана нь ирэх үхлийг ч бэлэн угтаж авна.
Багш ард олныг удирдахад, түүний байгаа эсэх нь анзаарагдахгүй
Дараагийн түвшний удирдагчийг бол хүмүүс хайрлаж хүндэлдэг
Удаах удирдагчаас хүмүүс айж эмээдэг
Адгийн удирдагчийг хүмүүс голж басамжилдаг
Та хүмүүст итгэл хүлээлгэхгүй агаад тэд итгэл даахгүй болдог.
Багшийн үйлдэл үгнээсээ хурдан агаад, үйлс нь бүтэхэд ард олон бид энэ мундаг ажлын ард бид өөрсдөө гарлаа хэмээн шагшин магтдаг.
Агуу ДАО мартагдахад, сайн сайхан ачлал энэрэл бий болдог.
Хүний оюун санаа доройтоход, мэдлэг, саруул ухаан бий болдог.
Гэр бүлд амар амгалан үгүй аваас ачлал энэрэл эхэлдэг
Эх оронд амар амгалан үгүй аваас баатрууд төрдөг.
Ариусал, эрдмийг таягдан хая, хүмүүс зуу дахин аз жаргалтай байна
Шударга ёс, ёс журмыг таягдан хая, хүмүүс явандаа зөв үйл бүтээх болно
Ашиг орлогыг таягдан хая, хүмүүс дунд хулгай зэлгий үгүй болно
Энэ бүхэн хангалтгүй санагдвал, зүгээр л тойргийн төвд байж, бүх зүйлс жамаараа улиран өнгөрөг
Бодохоо боль, асуудалдаа цэг тавь
Тийм үгүй хооронд ямар ялгаа байна?
Амжилт бүтэлгүйтэл ч ялгаатай гэж үү?
Бусдад хэрэгтэй бүхэн танд үнэ цэнтэй гэж үү?
Бусдын зайлсхийдэг бүхэн танд гайтай гэж үү?
Бусад хүмүүс цэнгэлдэн хөөрөх нь ямар хамаатай юм бэ?
Энэ зөвхөн надад хамаагүй,
Би л зөвхөн ямар ч сэтгэл хөдлөлгүй, инээж ч чадахгүй нялх хүүхэд шиг
Бусад хүмүүст хэрэгтэй бүхэн нь байгаа,
Би л зөвхөн үгээгүй хоосонтой адил
Би л зөвхөн орон гэргүй мэт хэрэн хэснэ
Би ч тэнэг амьтан шиг, хоосон тархитай.
Бусад хүмүүс цэцэн мэргэн, би л харанхуй бүдүүлэг
Бусад хүмүүс сэргэлэн цовоо, би л зөвхөн мунхаг
Бусад хүмүүст зорилготой, би л зөвхөн зорилгогүй
Би дайлан давлагаанд хөвөх замаг шиг
Хээрийн салхинд туугдах хөвд шиг
Би энгийн хүнээс ондоо, учир нь би агуу эхийн сүүгээр бойжсон.
Багш өөрийн бодлыг ДАО-той хамт байлгадаг, тэр нь түүнд нарны гялбаа бий болгодог
ДАО бол баригдашгүй, Тэр яаж ДАО-той хамт оюун бодлоо байлгаж чаддаг байна?
Учир нь тэр ямар нэг санаад уягддаггүй, ДАО бол харанхуй, үзэгдэшгүй.
Тэгээд яагаад багшийг нарны гялбаатай болгож чаддаг юм бэ?
Учир нь тэр чаддаг. Эрт эдүгээгээс цаг хугацаа ертөнцөөс ч өмнө ДАО цаглашгүй, орших болон эс орших орон зайд байсан.
Би үүнийг яаж батлах вэ гэж үү? Би өөр лүгээ өнгийгөөд үнэнийг олж хардаг.
Хэрвээ та бүрэн болохыг хүсвэл, тал байж сур
Хэрвээ та шулуун болохыг хүсвэл, мурий байж сур
Хэрвээ та дүүрэн болохыг хүсвэл, хоосон байж сур
Хэрвээ та дахин төрөхийг хүсвэл, амьгүй байж сур
Хэрвээ та бүх зүйлтэй болохыг хүсвэл, юу ч үгүй байж сур
Багш, ДАО-д оршин байснаараа бусад бүх хүмүүс үлгэр жишээ болдог
Учир нь тэр өөрөө гайхуулахгүй ч, хүмүүс түүний гэрэл гэгээг мэдэрдэг
Учир нь тэр юуг ч батлах албагүй ч, хүмүүс түүний үгэнд итгэдэг
Учир нь тэр өөрийгөө ч хэн гэдгээ мэдэхгүй ч, хүмүүс түүнээс өөрийгөө олдог
Учир нь тэр ямар ч сэдэлгүй ч, түүний ажил бүхэн бүтдэг
Эртний багш нар Та бүх зүйлтэй болохыг хүсвэл, юу ч үгүй байж сур гэж дэмий хоосон хэлээгүй
ДАО жамаар амьдарснаар та өөрийн үнэн төрхөө олно.
Бага ярих нь байгалийн жам
Ширүүн бороо өдөржин цутгадаггүй, хүчтэй салхи өглөөжин салхилдаггүй.
Яагаад гэж үү? Газар дэлхий шүүдээ,
Газар дэлхий мөнхийн зүйл бүтээж чадахгүй байхад, эгэл хүн та чадна гэж үү?
ДАО-ын жамаар явсан хүн, л ДАО-той байж чадна.
Та өөрийгөө гэгээрэлд хөтөлбөл гэгээрэлд л хүрнэ.
Та өөрийгөө бүтэлгүйтэлд хөтөлбөл бүтэлгүйтэлд л хүрнэ.
Өөр ямар ч гарцгүй,
Та өөрийгөө ДАО-д хөтөлбөл, өөрийн зөн совиндоо итгэж чадвал, бүх зүйлс жамаараа болно
Та хөлийн хуруугаараа зогсвол, бат зогсож үл чадна.
Та урагш яарах тусам, хол зам туулж үл чадна.
Та гялалзах тусам, гэгээрэлд хүрч үл чадна.
Та ёс журмыг ярих тусам, бусдаас хүндлэл хүртэж үл чадна.
Та илүү эрх мэдэлд хүрэх тусам, өөрийгөө хөгжүүлж үл чадна.
Та онгирох тусам, бусдыг тэвчиж үл чадна.
ДАО-ын ёсоор, илүүдэл хоол, шаардлагагүй ачаа хүнд хэзээд баяр баясгалан авчирдаггүй,
Тиймээс, ДАО ёсыг дагагчид эдгээрээс зайлсхийх нь зөв
Гайхамшгаас бүрдсэн,
Газар дэлхийгээс ч урт настай,
Түнэр харанхуй анир чимээгүй дунд,
Цор ганц, хувирч улирдаггүй
Мөнхөд орших, мөнхийн хөдөлгөөн,
Магадгүй, түмэн бодисын эх үүсвэр
Би үүний нэрийг мэдэхгүй ч,
Түүнийг ДАО гэж дуудъя
Тохирох оновчтой үгний сонголтгүй тул, түүнийг аугаа л гэе
Аугаа гэдэг нь бүх зүйл амин сүнс юм
Хэдий хол одсон ч ДАО-оос холдож үл болно
ДАО бол аугаа
Ертөнц бол аугаа
Эх дэлхий аугаа
Хүмүүн бие бас аугаа
Ертөнцөд байдаг дөрвөн зүйлийн аугаа нэг нь хүмүүн бие юм
Хүмүүн эх дэлхийн жамыг дагана
Эх дэлхий ертөнцийн жамыг дагана
Ертөнц ДАО жамыг дагана
ДАО байгалийн жамыг дагана.
Хүнд гэдэг нь хөнгөн байхын үндэс юм
Бат орших нь бүх хөдөлгөөний үндэс юм
Багш, бүтэн өдөржин аялсан ч
Өөрийн ачаагаа хэзээд үл мартана
Аялсан газрууд нь үнэхээр сонин сайхан ихтэй ч
Багш сэтгэл татагдаж, санаа алдах нь үгүй
Түмэнийг удирдагч яагаад олон нийтийн өмнө тэнэгтэнэ гэж?
Та хөнгөн хуумгай байвал, ул үндэсгүй болно
Та тайван амгалан биш бол мөн чанараа алдана.
Сайн замч мөр үлдээдэггүй
Сайн хөтлөгч сул үг хэрэглэдэггүй
Сайн санхүүчид сампин хэрэггүй
Сайн хаалганд цоож хэрэггүй, Үнэндээ хэн ч онгойлгож чадахгүй
Сайн торонд зангилаа хэрэггүй, хэн ч мултарч дийлэхгүй
Багш бүх хүнд нээлттэй байдаг ч, хэнийг ч хөсөр хаядаггүй
Багш бүх зүйл нээлттэй байдаг ч, юуг ч үлдээдэггүй.
Үүнийг бид гэрэлд бараадах гэдэг
Сайн хүн гэж хэн бэ? Муу хүний багш уу?
Муу хүн гэж хэн бэ? Сайн хүний ажил уу?
Багшийг хүндлэхгүй бол шавь хайхрахгүй
Та хэдий ухаантай байсан ч, танд эргэлзээ төрнө
Энэ бол аугаа нууц юм.
Эр хүний чадлыг ухаар
Гэвч, эмэгтэй хүн шиг халамжтай бай
Ертөнцийн жамыг дагаа
Ертөнцийн жамыг дагаснаар,
Гуйвшгүй, Цаглашгүй үнэнийг нээж
Дахин нялх жаал мэт болно.
Цагааныг мэд,
Гэвч, хар бай
Хорвоо дэлхийд үлгэр жишээ бол
Хорвоо дэлхийд үлгэрлэснээр,
Чандын чанд дахь Цаглашгүй үнэнийг нээж
Дахин мөнх бус руу халина
Эрхэм хүндлэлийг мэд,
Гэвч, энэрэнгүй нийлгүүлсэнгүй бай
Ертөнцийн уудамд бай
Ертөнцийн уудамд байснаар,
Хэмжээлшгүй, Цаглашгүй үнэнийг нээж,
Анхны төлөвт шилжинэ
Анхны төлөвт байгаа зүйлийг ашиглахад хялбар,
Анхны төлөвтөө гэгээрсэн хүн, сайн эзэн хаан болдог,
Тиймээс, аугаа туурвигч жижиг хэрчим авдаг.
Та хорвоо дэлхийг эрхшээлдээ оруулж, сайжруулж чадна гэж бодож байна уу?
Би боломжтой гэж бодохгүй байна
Хорвоо дэлхий бол аугаа
Та сайжруулж чадахгүй
Хэрвээ та өөрчлөхийг оролдвол сүйрэлд хөтөлнө
Хэрвээ та эрхшээлдээ оруулахыг хүсвэл баллаж орхино
Тиймээс, урд явах үе байхад хойно гарах үе бас байна
Хэцүү зүдүүртэй үе байхад, амар хялбар үе ч бас байна
Хүч чадалтай үе байхад, унаж гундах үе ч бас байна
Өсөж дэвших үе байхад, бүтэлгүй уруудах үе ч бас байна
Үүний учир, гэгээнтнүүд туйлын, хэтрүүлсэн, бардамналаас болгоомжилдог билээ
Хэрвээ та эзэн хаанд ДАО-ын жамыг заах гэж байгаа бол
Түүнд хүчээр ертөнцийг тохинуулж болохгүйг сургаарай
Хүч үргэлж эсэргүүцлийн хүчийг өдөөдөг
Хагдарсан бут сэргэж, хазагдсан өвс сэргэнэ
Дайн дажныг хүнд он жилүүд хүлээж байдаг
Зүгээр шаардлагатай зүйлээ хий
Хүч хүчийг давуу тал болгон ашиглаж болохгүй
Үр дүн хүр, түүнийгээ бүү гайхуул
Үр дүн хүр, түүнийгээ бүү сайшаан магт
Үр дүн хүр, түүнээрээ бүү бахарх
Үр дүн хүр, жамаараа л бий болсон гэж бод
Үр дүн хүр, ямар ч хүчирхийлэл хэрэггүй
Хүчийг үргэлж тогтворгүй байдал дагадаг
Энэ нь ДАО-ын жам биш
ДАО-ын эсрэг бүхэн цагаасаа эрт мөхдөг жамтай
Сайн зэвсэг бол айлгахад хэрэгтэй, бүх амьтан түүнийг үзэн ядна
ДАО-г дагагчид тиймээс зэвсэг хэзээ ч ашиглахгүй
Ухаалаг хүн зүүнийг илүүд үзэхэд
Дайнч хүн барууныг илүүд үзнэ
Зэвсэг бол айлгахад хэрэгтэй, ухаалаг хүний гарт орохгүй
Түүнд сонголт үлдэхгүйн цагт л гартаа зэвсэг барина
Нам гүм, энх тайван бол түүний сэтгэлд маш эрхэм
Ялалт түүнд ямар ч аз жаргал өгөхгүй
Хэрвээ ялалтад бахдаж байвал, та алж устгахаас таашаал авч байгаа юм
Алж устгахаас ташаал авч байвал, та хэзээ ч сэтгэлээ дүүргэж, ханаж цадахгүй
Сайн сайхан зүйл тохиолдоход зүүн зүгээс наран мандана
Гунигтай зүйл тохиолдоход баруун зүгт утаа суунаглана
Армийн генерал зүүнтэй зогсох авч
Ерөнхий командлагч баруун харна
Дайн бол үнэндээ оршуулгын ажиллагаа юм
Маш олноороо үхэж үрэгдэн,
Тэдний араас үй түмэн хүн гашуудан
Тиймээс л ялалт гэдэг зүйл оршуулах ёслол юм.
ДАО-г тодорхойлох боломжгүй юм
Жижиг, үл тодорхойлох, үл баригдаж байдалтай
Хаад ноёд үүнээс хүртэж чадвал, түмэн зүйлс аяндаа дагана.
Тэнгэр газар нийлээн нэгдэж, цэнгэлийн хураар тайтгаруулна
Хүмүүнд заавар чиглэл хэрэггүй болж, бүх зүйлс аяндаа бүтнэ.
Аливаа бүхэл зүйлсийг хуваахад, хэсэг бүрийг нэрлэх хэрэгтэй болдог
Дэлхий аль хэдийнээ хангалттай их эд юмстай болсон
Хаана зогсохоо мэдэх хэрэгтэй
Хаана зогсохоо мэдэх аваас, хожмын зовлонг гэтлэх буй за
ДАО бол хязгааргүй далайд цутгах гол мөрөн лугаа
Бусдыг мэдэх бол эрдэм мэдлэг
Өөрийгөө мэдэх бол гэгээрэл
Бусдыг эрхшээх бол хүч чадал
Өөрийгөө эрхшээх бол баатар
Байгаа зүйлдээ сэтгэл ханах бол баян сэтгэхүй
Байрандаа бат зогсох нь Шаргуу зан, тэвчээр шаардана
Үхэж болох ч мөхөж болохгүй энэ нь мөнхөд оршихуй юм
ДАО бүх зүйлд оршин байдаг
Түүнээс бүх зүйл эх үүсэлтэй,
Гэвч, ДАО бол бүтээгч нь биш юм.
ДАО-ын жамаар бүх зүйл оршин байдаг,
Гэвч, ДАО-д энэ нь чухал биш.
ДАО бүх дэлхийг тэтгэн байдаг,
Гэвч, ДАО юугч удирдаггүй.
ДАО бүх зүйлын амин сүнс учир,
Тэдний амин зүрхэнд байдаг,
Энэ бүхнийг энгийн даруугийн тууль гэлтэй.
Оршихуй мөнх бус ч, ДАО байж л байдаг,
Тиймээс ДАО-г хамгийн аугаа гэлтэй.
Гэтэл, ДАО өөрийн аугаа байдлын тухай огт мэдэхгүй,
Энэ нь үнэндээ туулийн аугаа юм.
ДАО-той нэгдсэн бүхэн, хүссэн газартай зорчиж чадна.
Өвчин зовлон, аюул заналхийллээс үл хамаараад, Тэр ертөнцийн жам ёсыг хүлээн авч, амин зүрхэнд амар амгаланг олсон байдаг.
Тэр аян замдаа сайхан хөгжим, сайн хүнсний төлөө буудаллах ч,
ДАО-г ямар нэг хөг аялгуу, үнэр амтаар тодорхойлох боломжгүй юм.
Түүнийг харах, сонсох боломжгүй ч, Түүнийг мэдэрч ашиглахад мөнхөд оршин байдаг.
Хэрвээ та ямар нэг зүйлийг агшаахыг хүсвэл,
Эхлээд тэлэх боломж олгох хэрэгтэй
Хэрвээ та ямар нэг зүйлээс салахыг хүсвэл,
Эхлээд өсөж дэвжих боломж олгох хэрэгтэй
Хэвээ та ямар нэг зүйлийг авахыг хүсвэл,
Эхлээд өгч сурах хэрэгтэй
Энэ бол байгалийн жам бөгөөд, зөөлөн нь хатуугаа иддэг, сүл дорой нь хүчтэйгээ дийлдэг жам болой.
Загас ч гүнзгий усанд тухгүйддэг шиг,
Улсын сан хөмрөг, зэр зэвсгийг ард иргэд, аль болгонд үзүүлэх шаардлагагүй
ДАО юуг ч бүтээгээгүй ч, орхигдуулсан зүйл гэж үгүй.
Хэрвээ ухаант хүмүүн үнийг ажиглан судалбаас, хорвоогийн бүх зүйлс байгалийн жамаараа хөгжин дэвжинэ.
Хэрвээ, хүмүүн өөрчлөлтийг шамдах аваас, амьдралын хамгийн энгийн жам ёсонд хүрнэ
Хэрвээ, ямар нэг төрлийн хүсэл шунал байхгүй аваас, бүх зүйл амар амгалангийн оронд оршино.
Гэгээнтэн хүчирхэг байхыг хичээдэггүй
Үнэндээ тэр нь хүчтэй байдаг
Энгийн хүн эрх мэдэл нэмэгдэхийн хэрээр шунадаг, тиймээс ханана гэж үгүй.
Гэгээнтэн юу ч хийдэггүй ч, хийлгүй үлдээсэн зүйл гэж үгүй.
Энгийн хүн зогсолтгүй шамдсан ч, гүйцэж барна гэж үгүй.
Эелдэг хүн ямар нэг зүйл хийхэд, ямар нэг зүйлийг дуусгахгүй үлдээдэг.
Шударга хүн ямар нэг зүйл хийхэд, маш олон зүйлсийг эхлүүлээд үлдээдэг.
Журамт хүн ямар нэг зүйл хийхэд, хэн ч түүнд хариу үйлдэл үзүүлэхгүй бол, тэр ханцуйгаа шамлаад хүчээр дуусгах гэж үздэг.
ДАО байхгүй бол сайн сайхан байдаг,
Сайн сайхан алдагдахад, ёс суртахуун бий болдог,
Ёс суртахуун алдагдахад, зан заншил бий болдог,
Зан заншил бол итгэл үнэмшлийн өнгөн хальс бөгөөд эмх замбараагүй байдлын эхлэл юм.
Тиймээс ч, гэгээнтэн зөвхөн дотоод мөн чанарыг анхаарахаас, гадаад хэлбэрийг үл ойшооно, үр жимс нь чухал болохоос, цэцэг цэврүү нь сонин биш.
Түүнд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл байхгүй, тэр зөвхөн бодит байдалд оршин, бүх төөрөгдлийг үлдэн хөөнө.
ДАО аливаа зүйлийг байгалийн жамаар
Тэнгэр цэлмэг уудам,
Газар дэлхий ногоон, бүрэн бүтэн
Араатан жигүүртэн зохицон оршин,
үржин хөгжиж, үр удмаа үлдээн тасралтгүй оршдогтой адил.
Хүн ДАО-аас гажуудах үед байгаль дэлхий сүйрэхтэй адил эвдэрч замхардаг,
Тэнгэр бүрхэж,
Газар дэлхий хувхайрч
Байгаль дэлхийн тэнцвэр алдагдаж
Төрөл зүйлс устдагтай адил.
Гэгээнтэн энэхүү үзэгдлийг энэрэн нигүүлсэх сэтгэлээр хүлээж авдаг бөгөөд тэр бүх зүйлийг бүрэн дүр зургаар нь ойлгодог.
Түүний өдөр тутмын дадал нь дараа зан.
Тэр нь эрдэнийн чулуу шиг гялалздаггүй ч,
ДАО түүнийг ердийн чулуу шиг арзгар нэгэн болгодог.
Буцах бол ДАО-ын үйлдэл.
Уян харимхай байдал бол ДАО-ын замнал.
Бүх зүйлс оршин байгаа зүйлсээс эхтэй
Оршихуй нь өрөө эс оршихуйгаас эхтэй
Эрхэм хүн ДАО-г сонсоод хичээнгүйлэн сахина
Эгэл хүн ДАО-г сонсоод хэрхэхээ үл мэднэ.
Эргүү хүн ДАО-г сонсоод хөх инээд нь хүрнэ.
ХӨХ инээд нь хүрээгүй бол энэ ДАО биш.
Үүний учир:
Гэрэл хүрэх зам харанхуй
Урагш тэмүүлэх зах эргэлт буцалттай
Шулуун зам туулахад хол
Үнэн хүч нь сул дорой мэт,
Чин ариун сэтгэл нь өнгөртсөн мэт
Өөгүй дөрвөлжин, өнцөггүй мэт
Сэвгүй тунгалаг нь тодорч мэдэгдэхгүй мэт
Энгийн бүхэн аугаа
Эгэлгүй хайр энэрэл ялгаагүй мэт,
Хязгааргүй оюун бодол хүүхдийнх мэт
ДАО-г эрээд эрээд олохгүй мэт, үнэндээ бүх зүйлсийг тэтгэн байдаг
ДАО эхлэлийн цэгийг тавьсан,
Эхлэх үргэлжлэлийг бий болгосон
Үргэлжлэл хожим хойчийг дагуулсан,
Хожим хойчид бүх зүйлс бий болсон.
Бүх зүйлс аргын эхтэй, билгийн эцэгтэй.
Арга билэг нийлж гэмээ нь орчлон хорвоог тэтгэнэ.
Эгэл нэгэн өнчирч хоцорсон, хаягдаж гологдсон байхыг үзэн ядна,
Гэгээрсэн нэгэн өөрийгөө тийнхүү дүрслэн, өөрийг бүх ертөнцийн нэг хэсэг гэдгийг мэдэрнэ.
Зөөлөн нь хатуугаа дийлдэг нь ертөнцийн жам
Оргүй хоосонд, эс оршихуйн биет орохтой адил үйлгүй үлдлийн мөн чанарыг тайлбарладаг
Үгүйгээр сургах, үйлдэхгүйгээр бүтээх аргыг маш цөөхөн Гэгээнтнүүд л эзэмшдэг.
Нэр хүнд эсвэл шударга ёс: Аль нь чухал вэ?
Мөнгө эсвэл Аз жаргал: Аль нь эрхэм бэ?
Авах эсвэл Алдахын: Аль нь гаслантай вэ?
Хэрвээ та бусдаас сэтгэл хангалуун байхыг хайвал, та хэзээ нь ч түүнийгээ олохгүй.
Аз жаргал мөнгөнөөс хамаарвал, та хэзээ ч өөртөө байгаа зүйлдээ аз жаргалтай байхгүй, байгаа зүйлдээ сэтгэл ханаж сур, оршин буй бүхний жам ёсонд таашаал авч сур.
Танд юу ч дутаагүйг мэдэх тэр мөчид, бүх дэлхий таных гэдгийг та мэдэх болно.
Аугаа амжилт, төгс биш санагддаг ч, хэн ч төгсгөлийг үзтэлээ амьдардаггүй.
Аугаа бүтээл, хий хоосон мэт харагддаг ч, хэн ч шавхаж барддаггүй.
Үнэн цэх шулуун, далий мурий харагддаг.
Үнэн оюун билэг, тэнэг мангар харагддаг.
Үнэн яруу найраг, шалдар булдар санагдах ч.
Хөдөлгөөнөөр хүйтнийг давдаг.
Хөдөлгөөнгүй байдлын дулааныг давдаг.
Хөдөлгөөнгүй байдал, амар амгалангаар энэ ертөнцөд дэг журам бий болдог.
Улс гүрэн ДАО-той уялдвал үйлдвэрүүд ачааны машин болон трактор хийдэг.
Улс гүрэн ДАО-аас гажих үед, агуулахууд байлдааны зэвсэг техникээр дүүрдэг.
Хүс шуналаас илүү нүгэл гэж үгүй,
Сэтгэл дундуур явахаас илүү хараал гэж үгүй,
Бусдыг хүлээхээс илүү азгүйдэл гэж үгүй.
Тиймээс, хангалттайг хангалттай олгойсон хүн л үргэлж сэтгэл дүүрэн явдаг.
Гэрээс гаралгүй дэлхийн байдлыг ойлгох.
Тооноор харалгүй цаг агаар, тэнгэрийн байдлыг ойлгох.
Мэдэхийн хэрээр дутуу ойлгодог.
Тиймээс, гэгээнтэн үл очих ч, мэддэг
Үл үзэх нь хардаг,
Эс үйлдэх ч, бүтээдэг.
Мэдлэгийн эрэлд, өдөр бүр шинийг сурах.
ДАО-ын эрэлд, өдөр бүр нэгийг мартах.
Эс үйлдэхийн чандад хүрэх хүртэл, бага багаар хүчлэн үйлдэхийг багасгах.
Эцэст нь юу ч үйлдээгүй байхад, хийх бүтээх зүйл үлдэхгүй болно.
Хорвоо дэлхийн байгалийн жамаар бүхнийг гүйцэлдүүлдэг.
Хорвоо дэлхийг хэн нэгэн оролцон удирдах боломжгүй юм.
Гэгээнтэнд өөрийн гэсэн үзэл бодол байхгүй.
Тэр зөвхөн бусдын үзэл бодолтой ажилладаг.
Тэр сайн хүмүүс сайн ханддаг.
Тэр сайнгүй хүмүүст ч сайн ханддаг.
Энэ л үнэн сайн чанар юм.
Тэр итгэл даахгүй хүнд ч итгэдэг.
Хүмүүст энэ бүхэн ойлгомжгүй будилаантай санагддаг ч,
Хүмүүс түүнийг хараад, сонсдог.
Тэр жаахан хүүхэд шиг аашилдаг.
Үхэх төрөхийн дунд,
30 хувь нь амьдралыг дагадаг,
30 хувь нь үхлийг дагадаг,
Үлдсэн гучин хувь нь үхэх төрөхийг дамжаад л өнгөрдөг.
Тэр үхэл ирнэ гэдгийг үргэлж мэддэг бөгөөд амьдралд зууралдах ямар ч шалтгаан байдаггүй.
Оюун бодолд нь төөрөгдөл байхгүй,
Бие сэтгэлд нь эсэргүүцэл байхгүй,
Тэр өөрийн үйл хөдлөлөө ч анзаардаггүй,
Энэ бүхэн түүний оршихуйн мөн чанараас ундардаг.
Түүнд амьдралтай зууралдах шалтгаан байхгүй, үхэлд бэлэн байдаг, яг л өдөржин завгүй ажилсан нэгэн орой сайхан унтаж амардаг шиг.
Ертөнц дахины бүх оршихуй
ДАО-аас үүсэлтэй байдаг.
Энэ нь оршин, мэдрэлгүй, төгс, чөлөөтэй, бодит биед нь оршин байдаг.
Түүнд бүх зүйл жам ёсоороо болдог.
Тиймээс ч бүх зүйлс ДАО-г хүндэтгэдэг.
ДАО бүх зүйлсийн эх болдог, тэднийг тэтгэж,
Хамгаалж, халамжилж, сэлбэж, өөртөө уусган нэгтгэж,
Үйл явцгүйгээр бүтээж,
Хүлээлтгүйгээр үйлдэж,
Оролцохгүйгээр зааварчилдаг.
ДАО-г хайрлах хайр бол байгалийн жам ёс юм.
Ертөнцийн эхлэл бол бүхний эхлэл
Эхлэлийг нь мэдвэл адгийг нь мэдэж болно
Адгийг нь мэдвэл, эхлэлийг нь ойлгож болох бөгөөд эхлэл төгсгөлийг ойлгосноор үхлийн айдсыг гэтэлгэнэ.
Амаа хамхиад, өөрийн мэдрэмжээ бүрэн хянаж чадвал, таны амьдрал дүүрэн аз жаргалтай болно.
Ганц үг газар гээхгүй ам зөрвөл, таны амьдрал аврагдахаас нэгэнт өнгөрнө.
Хүчээ зөв зүйл зарцуулах гэдэг нь өөрийн гэрэл гэгээг бусдад түгээж, гэгээрлийн эх рүү буцах юм. Үүнийг үүр мөнхийн гэгээрэлд хөтлөх гэнэ.
Хэрэв танд жаахан ч гэсэн гэгээрэх боломж байвал, та хамгийн гол замаар бүдэрч түүнийгээ алдахаас айх нь зөв. Гол замаар явах амархан ч, хүмүүс үргэлж дөт замыг эрэлхийлдэг.
Засаг зандалчдаар дүүрэхэд, талбай дүүрэн ургац ургаад ч үтрэм хоосорно.
Сайхан хувцас өмсөх нэгэн байх ч, дэрэн дороо хутга нууна.
Дээдэс үүд нь идэж уухад шунахайрч, ядуучууд очих газаргүй болсон энэ эмх замраагүй байдал бол яавч ДАО-ын жам биш.
ДАО-ын хөрсөнд суулгасан бүхнийг үндсээр нь суга татах боломжгүй,
ДАО-ын жамыг дагасан бүхнийг замхран алга болох боломжгүй.
Энэ бүхнийг үеийн үед шагшин магтах болно.
Та амьдралдаа ДАО-г нэвтрүүл, таны ухааныг шагшин магтана.
Та гэр бүлдээ ДАО-г нэвтрүүл, таны гэр бүл өнөр өтгөн болно.
Та эх нутагтаа ДАО-г нэвтрүүл, таны нутаг бусдад үлгэр жишээ болно.
Та ертөнц дэлхийд ДАО-г нэвтрүүл, ертөнц дэлхий цэнгэн баясна.
Энэ бүхнийг үнэн гэдгийг хэн батлах вэ? Та өөрийн дотор хүнээ сонсоход болно.
ДАО-г дагасан хүмүүн, нярай хүүхэд шиг л байдаг.
Яс нь зөөлөн, булчин нь сул ч, түүний атгалт хүчтэй
Тэр эрэгтэй эмэгтэйн хүсэл тачаалыг мэдэхгүй ч,
түүний эрийн чалх хүчтэй байдаг, амин хүч.
Өдөржин орилсон ч,
Хоолой нь сөөнө гэж үгүй,
Төгс зохиолцолдсон байдаг.
Гэгээнтний чадал яг ийм байдаг,
Тэр бүх зүйлийг хүлээн авч, орхиж чаддаг,
Ямар нэг хүчин чармайлт, ямар нэг хүсэл эрмэлзэлгүй.
Тэр хэзээ ч үр дүн хүсдэггүй, тиймээс сэтгэл дундуур үлдэнэ гэж үгүй.
Тэр сэтгэлээр унадаггүй учир, түүний сүнс хэзээ ч хөгширдөггүй.
Чалчихаа зогсдоггүй хүн, юу ярьж байгаагаа ч мэддэггүй
амаа хамхиад,
мэдрэмжүүдээ хянаад
гярхай зангаа хаяад
асуудлаа хялбаршуулаад
цэцэн цэлмэгээ гээгээд,
зүгээр л газар шороо байгаль дэлхийн нэг хэсэг бол.
Үүнийг анхдагч холбоос гэнэ.
Энэ төлөвт хүрсэн хүн, нөхөр дайсан, сайн муу сайхан муухай, шударга ариун үзэшгүй муухай үл тооно. Тиймээс энэ нь хүний хүрч болох хамгийн дээд төлөв юм.
Хэрэв та аугаа удирдагч болохыг хүсвэл
ДАО-г дагаж сур.
Удирдахыг хичээхээ болих хэрэгтэй.
Төлөвлөгөө, баригдмал ойлголтуудаас өөрийг чөлөөл, хорвоо дэлхийн өөрийн жамаараа урсана.
Хэдий чинээ хориг тавина, төдий чинээ хүмүүс сайн чанараа алдана.
Хэдий чинээ их зэвсэг зэхнэ, төдий чинээ аюулгүй байдал алдагдана.
Хэдий чинээ тэтгэмж олгоно, төдий чинээ хүмүүс амьдрах чадвараа алдана.
Тиймээс гэгээнтэн хэлжээ: би хуулийг зүгээр л зөнгөөр нь үлдээе, хүмүүс төдий чинээ шударга болно.
Би эдийн засгийг зөнгөөр нь үлдээе, хүмүүс төдий чинээ чинээлэг болно.
Би шашин шүтлэгийг зөнгөөр нь үлдээе, хүмүүс төдий чинээ ухамсартай болно.
Би ердийн хэрэглээний бүх хүсэл шуналаа таягдан хаяая, бараа таваар өвс шиг ердийн зүйл болно.
Хэзээ улсыг зөөлөн гараар удирдана,
Хүмүүс тухтай бөгөөд шударга байна.
Хэзээ улсыг чанга гараар удирдана,
Хүмүүс зальтай бөгөөд стресстэй байна.
Гуйланчлалд үндэслэсэн аз жаргал.
Аз жаргал доор нуугдсан гуйланчлал.
Ирээдүйд юу хүлээж байгааг хэн мэдэх вэ?
Шударга үнэн гэж ч байхгүй.
Шударга ч худлаа болох вий?
Сайн сайхан нь ад зэтгэр болох вий?
Хүн төрөлхтний худал хуурмаг зогсолтгүй үргэлжилсээр, тийм ч учраас гэгээнтний оюун бодол хурц иртэй хутга мэт боловч хэзээ нь исгэхгүй, маш хурц үзүүртэй ч чиглүүлэхээс цоо хатгахгүй, чих шулуун ч хуйнаас нь сугалахгүй, нүд гялбам хурц ч хэзээ ч нүх сохлохгүй.
Улсыг сайн удирдахад, тайван байхаас өөр юу билээ? Тайван хүний шинж тэмдэг нь өөрийн үзэл санаанаас өөрийгөө чөлөөлөх чадвар юм.
Тэнгэр мэт хүлээцтэй, нарны цацраг мэт хүртээмжтэй, уул мэт бат бэх, салхинд найгах мод мэт уян налархай, түүний аялалд ямар нэг тогтсон чиглэл байхгүй, амьдралд таарсан бүхийг ашиглах, өөртөө аз жаргал бэлэглэх.
Түүнд боломжгүй зүйл үгүй мэт.
Учир нь тэр бүхнийг өнгөрөөж чаддаг.
Тэр бусдын сайн сайхныг л анхаардаг,
Яг л эхийн хайр шиг.
Том гүрнийг удирдана гэдэг
Жижиг загас хайрахтай адил.
Та ДАО-г жамаар хандвал,
Атгаг санаатанд хүч үгүй.
Атгаг санаатан хүчгүй болсондоо биш, түүний хүч бусдад хор хүргэхэд ашиглах боломжгүй.
Атгаг санаатанд ч эсэргүүцэх хүч үгүй бол, тэр өөрийн жамаараа үгүй болдог.
Улс гүрэн хүчирхэг бол тэнгис далай шиг л байдаг:
Бүх гол далай руу цутгадаг.
Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн.
Даруу гэж ДАО-д итгэснийх юм, тиймээс энэ улсад хамгаалалт хэрэггүй.
Эрдэмт хүн алдаа гарвал, тэр алдаагаа ойлгодог.
Алдаагаа ойлгоно гэдэг нь алдаагаа хүлээн зөвшөөрөх юм.
Алдаагаа хүлээн зөвшөөрснөөр, тэр алдаагаа залруулах боломж өөртөө олгодог.
Түүний алдааг хүчтэй шүүмжилсэн нэгнийг эрдэмт хүн өөрийн хамгийн ачлалт багшаар тооцдог.
Түүний дайсан бол түүний сүүдэр лугаа нөхөр нь байдаг.
Улс гүрэнд ДАО-г жамаар хөгжиж байвал, өөрийн хүн ардаа хөгжүүлдэг, бусад улсын асуудалд оролцдоггүй ч, бусад улсуудад маш сайхан үлгэр болж гэрэлтдэг.
ДАО бол түмэн бодсын эхлэл байдаг
ДАО бол сайн хүний эрдэнэ, саар хүний хоргодог байр.
Сайхан үгээр нэр хүндийг олж болно.
Сайн үйлсээр итгэл хүндлэлийг олж болно.
ДАО бол хялбархан олж авдаг зүйл биш.
Шинэ удирдагч гарч ирэхэд, түүнд эд баялаг болон ур чадварын туслалцаа санал болгох хэрэггүй.
Түүнд ДАО-ын жамыг санал болгох. Эртний гэгээнтнүүд ДАО-ын жамыг дагадаг нь ямар учиртай вэ? Учир нь алдаа гаргаад үнэний эрэлд гарахад таныг уучилдаг таны эрж хайсан тэр зүйл чинь ДАО-ын жам байдаг.
Тиймээс ч хүн бүр ДАО-г хайрладаг.
Эс-үйлдэхүйг суралц
Хүчин чармайлтгүйгээр ажиллаж сур
Жижиг зүйлийг томруулж бод
Цөөн зүйлсийг олуулж хар.
Хялбархан байсан ч хэцүү мэт төсөөл,
Тасралтгүй сурсан жижиг зүйлсийн үр дүнд аугаа үр дүнд хүрдэг.
Гэгээнтэн хэзээ ч гайхамшгийг хөөцөлддөггүй, тиймээс гайхамшигт хүрдэг.
Хялбархан амлалт итгэл эвддэг.
Аливаа зүйлсийг дутуу үнэлэх, гай дагуулдаг.
Гэгээнтэн аливаа зүйлсийг жишиж харьцуулдаг учир, түүнд гай тохиолддоггүй.
Үндэстэй мод ургадаг.
Өнгөрийг засаж болдог.
Хэврэг бүхэн эвдэрдэг.
Бага зүйлсийг цацахад амар байдаг.
Асуудлыг үүсэхээс өмнө урьдчилан сэргийл.
Аль зүйлсийг эхлэхээсээ ч өмнө дэг журамд оруул.
Аварга том нарс мод өчүүхэн суулгацаас ургадаг
Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг.
Дуусгах гэж яарвал, бүтэлгүйтнэ.
Барьж тогтоох гэж оролдвол, алдах нь гарцаагүй.
Төслөө дуусгахаар шахвал, бодитой үр дүнг сарниулна.
Гэгээнтэн аль зүйлсийг үйлдэхдээ жамаар нь явуулдаг.
Тэр эхлэлд ч тэр төгсгөлд ч тэр тайван л байдаг.
Түүнд юу ч үгүй, тиймээс алдах зүйл ч үгүй.
Түүнд хүсэл ч гэж үгүй.
Тэр сураагүй зүйлсээ л сурдаг.
Тэр хүмүүст хэн байсныг нь үргэлж сануулдаг.
Тэр ДАО-ын жамыг дагаж бүх зүйлсийг багтаадаг.
Эртний гэгээнтнүүд хүмүүсийг сургах гэж орлодоггүй байсан, зөвхөн мэдэхгүй гэдгийг нь хэлдэг байж.
Хэрвээ, хүн хариултыг нь мэднэ гэж бодох үед зааварлахад бэрх болдог байна.
Хэрвээ хүн мэдэхгүй гэдгээ мэдчихвэл, мэдэх сурах өөрийн аргаа олдог.
Хэрвээ та захирах ёсыг сурахыг хүсвэл, ухаантай эсвэл баян байхаас татгалзах учиртай.
Хамгийн энгийн зам бол хамгийн тод зам байдаг.
Энгийн амьдралд сэтгэл хангалуун байж гэмээ нь бусад хүмүүст хүний жам ёсыг ойлгуулж чадна.
Бүх гол мөрөн, далай тэнгист цутгадаг, учир нь ус уруугаа урсдаг.
Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн
Хэрэв та хүмүүсийг удирдахыг хүсвэл, даруу зангаар удирдана.
Хэрэв та хүмүүсийг манлайлахыг хүсвэл, та араас нь дагана.
Хэрэв гэгээнтэн бүхний дээр байвал, хэн ч эсэргүүцэхгүй.
Тэр бүхний өмнө явахад, хүн бүхэн хүчээ өргөнө.
Бүх хүмүүс түүнд талархалтайгаар хандана.
Учир нь тэр хэнтэй ч өрсөлдөөгүй, хэн ч түүнтэй өрсөлдөж чадахгүй.
Зарим хүнд миний ёс утгагүй санагддаг.
Зарим хүнд бодитой биш, их гоё догь яриа мэт санагддаг.
Харин, өөрийнхөө дотоод руу өнгийсөн хүнд бол, энэ бүх утгагүй үгс төгс утга илэрхийлдэг.
Үүнийг судалж ойлгож амьдралдаа хэрэгжүүлсэн хүнд, догь яриа нь ул үндэстэй гүн гүнзгий гэдэг нь мэдрэгддэг.
Би гурван зүйлийг сургадаг:
Энгийн, тэвчээртэй, өршөөлт энэрэнгүй.
Эдгээр гурван чанар бол хүний дээдийн гурван эрдэнэ юм.
Үйл хөдлөл, бодол сэтгэлдээ энгийн зарчмыг баримталбал, та оршихуйн мөн чанараас нь бодож чадна.
Найз нөхөд, атаат дайсанд ч, тэвчээртэй хандаж чадвал, таны шийдвэр амьдралын жам ёсыг дагана.
Өөртөө өршөөлтэй энэрэнгүй хандаж гэмээ нь, хорвоо дэлхийтэй нэгэн биед эвлэлдэн нэгдэх буй за.
Сайн цэрэг харгис биш,
Сайн дайчин бухимдуу биш,
Сайн ялагч өшөө авагч биш,
Сайн эзэн даруу.
Үүнийг үйл үгүйн ёсон гэнэ
Энэ нь бусадтай хэрхэн харьцах тухай өгүүлнэ.
Эрт эдүгээгээс өнөөг хүртэл тэнгэрийн ёсон, хүмүүн барилдлага хэмээн уламжлан ирсэн.
Жанжинд дүрэм:
түрүүлж хөдөлснөөс, хараад хүлээх нь дээр.
Алхам урагш давшсанаас, бээр ухарсан нь дээр.
Үүнийг давшихгүйгээр довтлох гэх буюу зэвсэггүйгээр дотлох гэнэ.
Өрсөлдөгчөө дутуу үнэлэхээс илүү бүтэлгүйтэл гэж үгүй
Өрсөлдөгчөө дутуу үнэлнэ гэдэг нь түүнийг хорон санаатан гэж итгэх явдал юм.
Эцэстээ та өөрөө өөрийн гурван эрдэнийг устгаад өөрөө чөтгөр болон хувирна.
Аливаа хоёр туйлын их хүч тулахад, хэн хүчээ зөв зарцуулсан хүн ялагчаар тодорно.
Миний ёс ойлгоход амар, хэрэгжүүлэхэд ч хялбар.
Гэвч оюун ухаан тань бүрэн шингээж барахгүй, хэрвээ та хэрэгжүүлэх гэж оролдвол та бүтэлгүйтнэ.
Миний сургаалд бол дэлхийгээс ч өмнө байсан.
Хэрвээ та намайг ойлгож оролдоод, Та ДАО-г яаж ойлгох юм бэ?, та өөрийнхөө дотоод руу өнгийх нь зөв.
Үл тоомсорлох аргыг мэдэх бол мэдлэг.
Мэдлэгийг үл ойшоох бол өвчин.
Эхлээд өвчтэйгөө хүлээн зөвшөөрөх, дараа нь эрүүл болохын төлөө чармайх.
Гэгээнтэн бол өөртөө эмч юм. Тэр өөрийн бүхнийг мэдэх өвчнөө ангаасан нэгэн юм.
Тийм ч учраас, тэр бол эрүүл бүхэл цогц болдог.
Хүмүүн гайхан бишрэх мэдрэмжээ алдах үед,
Тэд шашин шүтдэг.
Хүмүүн өөрт итгэх итгэлээ алдах үед,
Тэд эрх мэдэлтийг дагадаг.
Тиймээс, гэгээнтэн өөрийгөө мэдэх ч, хэзээ ч гайхуулдаггүй.
Өөрийгөө хүндлэхийг мэдэх ч, биеэ тоож болохгүй.
Тэр ямар нэг сонголтын хойноос хөөцөлддөггүй.
Зоригтой, тэмүүлэлтэй хүн хүн алж эсвэл алуулж дуусна.
Зоригтой, тайван хүн үргэлж хүний амь авардаг.
Энэ хоёрын аль нь сайн аль муу вэ?
Зарим зүйлсийг тэнгэр хэзээ ч илүүд үздэггүй. Хэн ч учрыг нь мэдэхгүй?
Гэгээнтэн хүртэл учрыг нь мэдэхгүй.
Тэнгэрийн ДАО хэзээ ч хичээдэггүй ч, үргэлж давж гардаг.
Хэзээ ч ярьдаггүй ч, үргэлж хариултыг нь өгдөг.
Хэзээ ч асуудаггүй ч, үргэлж хэрэгтэй байдлаараа өгөгддөг.
Хэзээ ч яардаггүй ч, бүх зүйлийг төлөвлөсөн мэт хэрэгжүүлдэг.
Тэнгэрийн хүрэхгүй хязгаар гэж үгүй.
Болих бүдүүлэг мэт боловч, тэнгэрийн хүрээг юу ч давахгүй.
Хэрвээ та бүх зүйл улиран хувьсдагийг ойлгох юм бол,
Энэ хорвоод үхэн зууралдах зүйл үгүйг ойлгох болно.
Хэрвээ та үхлээс айхгүй бол,
Энэ хорвоод хүрч болохгүй оргил гэж үгүй.
Ирээдүйг удирдах нь уран дарханы газар ажиллахтай адил юм.
Уран дарханы багажийг ашиглаад, уран дархан болохоосоо илүү өөрийн гарыг гэмтээх нь л илүү болов уу?
Хэрвээ татвар өндөр бол,
Ард түмэн өлмөн зэлмэн байдаг
Засаг захиргаа оролцоо ихтэй бол
Ард иргэд итгэл үнэмшилгүй бодлог.
Хүмүүсийн сайн сайхны төлөө зүтгэ.
Тэдэнд итгэ, тэднийг өөрийнхөөр нь орхи.
Хүн уян, сул дорой төрдөг
Цогцос чанга хөшүүн байдаг
Мод ургамал чийглэг уяхан байдаг.
Түлээний мод хэврэг хуурай болдог.
Тиймээс, хөлдүү хөшүүн хүн бол үхсэнээс өөрцгүй.
Уян, зөөлөн зантай хүн бол амьдрал бэлэглэгч юм.
Хатуу хөшүүн хугардаг,
Уян зөөлөн тэсэж үлддэг.
ДАО-ын жамаар явахаар, тэнгэрийн нумыг эвшээлгэхтэй ижил.
Нумыг эвшээлгэх тусам дээд чиг нь доош татагдан,
Доод чиг нь дээш татагдана.
Хөвч нь уурч байна,
Хөвч нь богино ч байна.
Тэнгэрийн ДАО илүү гарснаас нь авч хүрэлцэхгүйд нь хүртээдэг жамтай.
Хүний жам эсрэг.
Бага байгаагаас нь хурааж, хангалттай илүүд нь хүргэдэг.
Хүн энэ дэлхийгээс хангалттай аваагүй гэж үү? Хүн эх дэлхийдээ юу өгсөн юм бэ?
Гэгээнтэн зөвхөн өгөхийг л жам бий, түүний эд баялаг дуусашгүй.
Тэр ямар ч горьдлогогүй үйлдэж,
Тэр ямар ч шагналгүй бүтээж,
Тэр өөрийгөө бусдаас илүүд үзэхгүйгээр бодож сэтгэдэг.
Тэнгэрийн доор, уснаас өөр уян зөөлөн зүйл гэж үгүй.
Хатуу хөшүүн зүйлийг уусгаж мөлийлгөхдөө юу ч усыг гүйцэхгүй.
Зөөлөн нь хатуугаа давдаг,
Уян нь мугуйдаа дийлдэг.
Бүгд үүнтэй санал нэг байдаг ч, цөөхөн хэд нь амьдралд хэрэгжүүлдэг.
Тиймээс, гэгээнтэн өөрийн ганцаардалдаа чимээ аниргүй оршин байдаг.
Тэр өгүүлрүүн:
Улс гүрний гутамшгийг өөр дээр үүрэх тэр хүн улс удирдах нь зүйтэй
Улс гүрний зовлон гачаалыг өөрийн биеэр давах тэр хүн улсын эзэн суух нь зүйтэй
Үнэн үргэлж логикийн зөрчилтэй байдаг.
Бүтэлгүйтэл үргэлж боломжийн шинэ хаалга нээдэг.
Хэрвээ чи бүтэлгүйтэлдээ бусдыг буруутгавал, эцэс төгсгөлгүй буруу руу шааж болно.
Гэгээнтэн өөрийн алдааг ухамсарлан, өөрийн алдааг засаж залруулдаг.
Тэр шаардлагагүй бүх зүйлийг гүйцэтгэдэг ч бусдын хүчинд дулдуйддаггүй.
Хэрвээ улс гүрнийг зөв удирдвал,
Ард иргэд аз жаргалтай.
Тэд өөрсдийн ажлыг сэтгэл хангалуун хийж,
Ажил хөнгөвчлөх машин арга хэрэгсэл бүтээх гэж цаг алддаггүй.
Гэр орондоо хайртай учраас,
Гадуур зугаалж аялах гэж цаг үрдэггүй.
Хангалттай их зэр зэвсэг байсан ч,
Хэн ч ашиглах гэж оролддоггүй.
Хүмүүс хоол хүнсэндээ сэтгэл хангалуун,
Гэр бүлтэйгээ байх дуртай,
Амралтын өдрийг цэцэрлэгтээ өнгөрөөж,
Айл хөрштэйгөө харилцаа сайн байдаг.
Хөрш улс хэдий сайхан ч,
Хөрш улсын хөгжил цэцэглэлийг сонсдог ч,
Өссөн төрсөн газраа сэтгэл хангалуун насыг бардаг.
Үнэн үг чихэнд чимэггүй,
Сайхан үгэнд үнэн үгүй.
Цэцэн хүнд маргаан үгүй,
Мэтгэлцээнтэй хүнд ухаан үгүй.
Мэргэн хүнд сурсан нь үгүй.
Ихийг сурсан хүнд ухаан үгүй.
Гэгээнтэн арвин ихийг цуглуулахыг оролддоггүй.
Тэр бусдын төлөө хийж чадах бүхнээ зориулдаг.
Тэр бусдад өгсөн бүхнээсээ амьдралын баяр баясгаланг мэдэрдэг.
ДАО-ын жамд хүч, давамгайлал гэж байхгүй
Гэгээнтний замд хүчин чармайлт гэж байхгүй.